For Immediate Release
Press Release
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой нэгдсэн форумыг зохион байгууллаа. “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” сэдэвт энэхүү форумаар Засгийн газар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд Монгол улсын ХАА-н салбарыг хөгжүүлэх шинэлэг шийдэл болон санхүүжилтийн загварыг хэрэгжүүлэхэд тэдэнд тулгарч буй сорилт, боломжуудын талаар хэлэлцлээ.
Форумыг нээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар үг хэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд түншлэл, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байв.
Элчин сайд Буанган “Монголын хөдөө аж ахуйн салбар бордоо зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдан байдал, мөн зах зээлийн тодорхойгүй байдал гэхчлэн урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байна,” гэдгийг нээлтийн үгэндээ онцлон дурдаад “АНУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой, уян хатан өсөлтийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон үйл ажиллагааны хүрээнд Монгол түншүүдтэйгээ хамтран ажилласаар ирлээ” хэмээсэн байна.
Форумын үеэр АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөр, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн хамтран гүйцэтгэсэн “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээт байдлын судалгаа”-ны үр дүнг онцлон танилцуулав. Хөдөө аж ахуйн гэрээт үйлдвэрлэлд суурилсан санхүүжилтийн шинэлэг стратеги, салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн загваруудыг нэвтрүүлэх, мөн арилжааны банкуудад хөдөө аж ахуйн санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө.
2019 оноос хойш АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөрийн тусламжтайгаар 4,000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчид 200 гаруй тэрбум төгрөгийн (62 сая ам.доллар) зээлд зуучлуулж, амжилттай хамрагдсан бөгөөд уг зээл нь ялангуяа ковид-19 цар тахлын үед бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг болсон юм.